Logo 1 Logo 2

Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо орон нутгийн шүүхэд ажиллалаа

EJAM News

Шүүгч нарын өмнө тулгамдсан ёс зүйн ээдрээтэй асуудлаар зөвлөн туслах чиг үүрэгтэй Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо Монголын Шүүгчдийн холбооны дэргэд 2023 онд байгуулагдан ажиллаж байгаа юм. “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд Монголын Шүүгчдийн холбоо болон тус хорооны гишүүдээс бүрдсэн баг 2026 оны 5 дугаар сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт ажиллаж, шүүгчдэд мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.  

Шүүх эрх мэдэлд итгэх иргэд, олон нийтийн итгэл нь шүүгч нар шүүн таслах чиг үүргээ чин шударгаар, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид хэрэгжүүлж, ёс зүйн өндөр стандартыг сахиж буй эсэхээс хамаардаг. Гэвчнийгмийн олон талт харилцаанд  тэрхүү стандартыг өдөр тутамдаа ягштал баримтлах, ялангуяа бусдад ийм өндөр стандарт баримталдаг гэдгээ алхам тутамдаа ойлгуулах нь амар зүйл биш. Ялангуяа шүүгчдийн хувьд ажил мэргэжлийн онцлогоос хамаараад туйлын зөв гарц шийдэл гэж байхгүй төвөгтэй нөхцөл байдалтай тулгардаг.Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны хувьд чухам ийм үед нь шүүгч нарт зориулж тулгамдсан асуудлаар нь нууцлалыг хангасан байдлаар зөвлөмж өгдөг байна. Энэ утгаараа тус хорооноос өгч буй зөвлөмж нь заавал биелэгдэх шинжгүй боловч сайн дурын үндсэн дээр өндөр түвшинд мэргэшсэн, шүүн таслах ажлын туршлагатай, шүүгчийн ёс зүйн мэдлэгтэй шүүгч нарт хандаж, тухайлсан төвөгтэй асуудал дээр зөвлөгөө авах боломжийг олгодгоороо чухал ач холбогдолтой юм.      

Шүүгчдэд зөвлөн туслах хэлбэрээр анх удаа зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд орон нутгийн шүүхийн нийт 37 шүүгч хамрагджээ. Уулзалт-арга хэмжээний хүрээнд Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалт зэргийг танилцуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, ганцаарчилсан байдлаар зөвлөгөө өгөх зэргээр цогц үйл ажиллагааг зохион байгуулснаас гадна тус хорооноос тодорхой бодит тохиолдолд тулгуурлан гаргасан таван зөвлөмжийг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Эдгээр зөвлөмжид төрөл, садны хүмүүс хамт нэг шүүхэд ажиллахтай холбоотойгоор гарч болзошгүй ашиг сонирхлын зөрчил болон шүүхэд итгэх иргэдийн итгэлтэй холбоотой эрсдэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах болон мэдэгдэх үүрэг, хамтран ажиллагсдын зүй бус, ёс зүйгүй үйлдлийг үл тэвчих, мөн шүүхийн захиргааны шинжтэй ажлын байрны шаардлага ба шүүгчийн хараат бус байдлын зохистой тэнцвэрийг хангах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн байна.

Мөн уулзалт-арга хэмжээний хүрээнд Шүүхийн сахилгын хорооны хүчин төгөлдөр болсон шийдвэрээр тогтоогдсон сахилгын зөрчлийн нийтлэг шалтгаан нөхцөлийн талаарх судалгааг танилцуулж, анхаарвал зохих асуудлуудыг хэлэлцсэн нь цаашид энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодитой алхам болсон юм.

Уулзалт-арга хэмжээнд оролцсон шүүгчдийн зүгээс энэ төрлийн зөвлөмж, мэдээллийг өмнө нь хэнд хандаж авахаа мэддэггүй байснаа дурдаад цаашид энэ төрлийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулах нь зүйтэй гэдэг саналаа илэрхийлж байв.  

Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо нь Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн тогтоолоор Улсын дээд шүүх, анхан болон давж заалдах шатны шүүхийн 9 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 10 дугаар сардорон тооны бус хэлбэрээр байгуулагдсан. Эдгээр гишүүд нь гурав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд  одоогийн бүрэлдэхүүн энэ онд солигдож дараагийн шинэ гишүүддээ чиг үүргээ шилжүүлэх юм. Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр тус улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газар (КУХШХЭГ)-аас хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн зүгээс тус хорооны чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ төрлийн арга хэмжээг цаашид өргөжүүлэх, бүрэлдэхүүн шилжилтийн хугацаанд ажлын залгамж чанарыг хадгалахад чиглэсэн сургалт-хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Холбоо барих

Бидэнтэй холбогдох

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөлтэй холбогдож, мэдээлэл авах бол та доорх хаягаар холбогдоно уу.

Цахим шуудан: info@ejam.mn
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, А.Амарын гудамж – 29, “Сан бизнес төв”, 4 давхар 401 тоот, Улаанбаатар – 14200, Монгол Улс

Зөвхөн дотоод хэрэгцээнд:

Төслийн түнш байгууллагууд болон зөвшөөрөлтэй хэрэглэгч нэвтэрч, төслийн дотоод үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, материалтай ажиллана.

Нэвтрэх

Энэхүү төслийг Канад Улсын Засгийн газраас тус улсын Гадаад хэргийн яамаар дамжуулан санхүүжүүлэв.